Дархан-Уул аймaгт гэмт хэргийн гаралт 4,5 хувиaр буурчээ

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь гэмт хэргийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох, арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар цогц арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Тэгвэл 2019 оны 11-р сарын байдлаар аймгийн хэмжээнд гарсан нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 буюу 4,5 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 15.4 хувиар, гэр орон сууцанд үйлдэгдсэн гэмт хэрэг 1.4 хувиар буурчээ.

Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн цагдаа, хууль сахиулагчдын ажил мэтээр ойлгох нь өрөөсгөл бөгөөд уг ажилд иргэд, байгууллагын оролцоог хангаж, тэдний дэмжлэг туслалцааг авч байж үр дүнд хүрдэг аж. Тус зөвлөл нь 2019 онд гудамж, талбай болон гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилт тавин 8 бүлэг 40 багц ажил хийхээр төлөвлөн 100 хувийн гүйцэтгэлтэйгээр ажиллалаа.  
2019 онд гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, илрүүлэх, үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын болон орон нутгийн хэмжээнд “Байгалиа хамгаалъя”,

“Нэг хором”, “Зөв тусгал”, “Бяцхан зорчигч”, “Хяналт”, “Малчдын зөвлөгөөн”, “Өсвөрийн сэргийлэгч-Бид манлайлагч”, “Хүүхэд хамгаалагч”, “Миний баг-Амгалан баг”, “Сургуулийн цагдаа”, “Нээлттэй хаалганы өдөр”, “Ломбард”, “Цахим тоглоом”, “Үндсэн хууль дахь миний эрх үүрэг”, “Замын хөдөлгөөний цагаан толгой” зэрэг 37 төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулан биелэлт үр дүнг тооцон ажиллажээ.

Нийт 73 удаагийн сургалт явуулж, давхардсан тоогоор 155 төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, ерөнхий боловсрол, их дээд сургуулийн 8096 ажилтан, албан хаагч, оюутан, сурагч, иргэдийг хамруулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 54 төрлийн 21911 ширхэг гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг, тараах материал, зурагт хуудсыг иргэдэд тарааж, сурталчилгаа явуулсан байна. 

Сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 6 сая төгрөг олгосон ба аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагааг дэмжин 31,8 сая төгрөгийн техник хэрэгсэл, шатахуун, хувцас хэрэглэлийн зардал олгох зэргээр хамтран ажилласан. Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор зохион байгуулсан зарим ажлаас дурдвал:

Хууль хяналтын байгууллагуудыг хамруулан “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 3 удаа зохион байгуулсан ба “Хүүхэд хамгааллын өрөө”-г анхан шатны шүүх дээр шинээр байгууллаа. “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шийдвэрлэх нь” аймгийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус үйлдлүүдийг илрүүлэн таслан зогсоох зорилгоор байнгын ажиллагаатай 3 постыг байгуулан, үр дүнтэй ажиллалаа. Гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн үр дүнтэй, зөв арга бол урьдчилан сэргийлэх ажил юм. 2020 онд урьдчилан сэргийлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах зорилт тавин ажиллах аж. 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.131.93)