Ө.Энхтүвшин: Онцгой байдлын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэнэ

 ОБЕГ-аас өнгөрсөн оны ажлаа дүгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтоо тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг зохион байгуулав.

Стратегийн цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 92 удирдах ажилтан хамрагдав.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин оролцлоо. Тэрээр, "Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарсантай холбогдуулан шинэчлэх, өөрчлөх дүрэм, журам, зааврыг энэ онд бүрэн баталж, эрх зүйн орчны шинэчлэлийг бүрэн хийлээ. Мөн өнгөрсөн онд Засгийн газрын тогтоолоор орон нутагт Онцгой байдлын байгууллагын 10 анги, салбар шинээр байгууллаа. Цаашид ч Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэддээ хүртээмжтэй хүргэх талаар Засгийн газраас ихээхэн анхаарч ажиллана” хэмээв. 

Өнгөрсөн онд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хууль, эрхзүйн томоохон шинэчлэлт гарч, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан ололт амжилтыг Азийн улс орнуудад таниулж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулжээ. 

Тухайлбал, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Засгийн газрын  хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг баталсан. Мөн Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам” болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийг батлаад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)