Г.Гомбосүрэн агсны нэрэмжит шилдэг дүр бүтээх уралдаан болно

Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэх үүднээс Улсын драмын эрдмийн театрын хамт олон 2005 оноос эхлэн “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ.

Тэгвэл энэ онд Гомбосүрэн сангийн зүгээс түүний нэрэмжит мөнгөн шагналыг гардуулахаас гадна УДЭТ-тай хамтран шилдэг дүр бүтээх уралдааныг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү шилдэг дүр бүтээх уралдааны зорилго нь УДЭТ-ын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх, бие даан ажиллах, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, улмаар ахмад залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэн идэвх санаачилгыг өрнүүлж, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх явдал аж.

Эргэн сануулахад, 2018 онд тайз дэлгэцийн урлагийн “Алтан үе”-ийн ахмад уран бүтээлчдийн нэг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Гомбожавын Гомбосүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой тохиосонтой холбогдуулан үр хүүхдүүдийнх нь санаачилгаар театрын Уран бүтээлийн хэлтсийн хамт олныг Г.Гомбосүрэн багшийн нэрэмжит болгож, “Алдрын танхим”-ыг тохижуулан хүлээлгэн өгч байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)