Сэлэнгэ аймаг ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал гаргалаа

Сэлэнгэ аймгийн удирдлагууд хууль бусаар ажиллаж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэгт өгчээ.

Тус аймагт хууль бус уул уурхай эрхэлж байгаатай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгсэл, хөрөнгө дутмаг зэрэг хүндрэл байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил учирлаж, тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлтэй талбайгаа бусдад түрээслүүлдэг, өөр компаниуд оруулж ирдэг зэрэг зөрчил гардаг талаар ярьжээ.

Түүний танилцуулснаар Сэлэнгэ аймагт 14 аж ахуйн нэгж хуулийн хүрээнд ажиллаж байна. 2019 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь  аймгийн 13 сумын 105,790.85 га талбайг хамардаг аж

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн.

Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаараас хяналт, тандалт хийлээ. Энэ удаа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн зургийг авч  баримтжуулан, хууль, хүчний байгууллагууд координатаар нь бүртгэсэн байна.

Ажлын хэсгийнхэн мөн аймгийн удирдлагуудтай уулзаж хууль бус уул уурхай эрхлэлтийг таслан зогсоохтой холбоотой мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгчээ

Тухайлбал бүртгэлгүй техник хэрэгслийг шууд журамлах эрх, үүргээ орон нутаг хэрэгжүүлж ажиллах ёстойг анхаарууллаа. Хууль бус уул уурхай эрхлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт явуулахаа улам чангатгана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, сайд Н.Цэрэнбат хэлсэн байна. 

Ойрын үед Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим хийдэл, давхардлыг арилгахаар төлөвлөж байна. Тухайлбал техник хэрэгслээ бусдад түрээслүүлсэн бол тухайн техник хэрэгслийг хурааж улсын орлого болгох, улмаар түрээслэгч этгээд түрээслүүлэгчийн хохирлыг барагдуулдаг байх төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)