Монголын шүүх Б.Амархүүд биш хар тамхинд эрх чөлөө олголоо

Хар тамхи Монголын нийгмийн шат давхарга бүрт нэвчиж, хороо шахаж байна. Харамсалтай нь тэр хор ямар ч ерөндөггүй. Их, бага нь хамаагүй хөнөөл нь эцсийн дүндээ ижил. Амьдралыг нь сүйрүүлж, алтан аминд нь “хүрдэг”. Энэ үйл явц улам хурдацтай тархаж буйг хууль хяналтын байгууллагынхны бараг өдөр болгон шахуу тоолж суудаг мэдээнээс харж болно. Тэр тоо томорсоор үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, хар тамхи үүрлэх  диваажин нь Монгол болоод удаж байгааг сануулах нь бараг илүүц биз. Гэвч Монголын төр, хууль хүчний байгууллагынхан хар тамхитай тэмцэнэ гэж наанаа чанга хашхирдаг ч үнэндээ дүр эсгэж ханцуйндаа наймаалцдаг аж. Үүний ганцхан илрэл нь дуучин залуугийн кейс.

Б.Амархүүг урлагийн хүн гэдгээр нь өрөвдөж хайрласан, хариуцлагагүй үйлдлийг нь хэлтрүүлэхийг хүссэн олон хүн байгааг үгүйсгэхгүй. Гэвч дуучин гэхээс илүү иргэн гэдэг утгаараа  Б.Амархүү өршөөж боломгүй хэрэг үйлдсэн. Тэрээр есдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө машиндаа мансуурч байгаад цагдаагийнханд баригдсан юм. Түүнийг амьдардаг зочид буудлынхаа гадаа өөрийн эзэмшлийн улаан өнгийн “Mersedes Benz” маркийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь саатуулж машин болон гэрт нь нэгжлэг хийжээ. Улмаар түүнийг хорих 461дүгээр ангид саатуулж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, Б.Амархүү хар тамхи татсан нь үйлдэл дээрээ баригдсанаас гадна  хууль бусаар бэлтгэсэн, хадгалсныг  нь тогтоосон байдаг.

Анхан шатны шүүх хурал аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд болж Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон юм. Гэвч шүүх хурлын дараа Б.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргасны дагуу шүүх хурлыг дахин товлов. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр болсон шүүх хурлаас Б.Амархүүд  анхан шатны шүүхээс оноосон хоёр жилийн ялын тогтоолыг хүчингүй болгож, батлан даалтад гаргалаа. Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлээ мөрдөн шалгах ажиллагаа дутуу, хэргийн бодит байдлыг нотлоогүй, баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэрэгт авагдсан зарим  баримтад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу гэж үзжээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцсон байна.

Дуучин залуугийн шүүхийн шийдвэртэй холбоотойгоор олон нийтийн бухимдал дээд цэгтээ хүрч, нийгэм даяар хууль шүүхийг жигшиж байна.  Үнэндээ хар тамхи татсан, хадгалсан, бэлтгэсэн нь нотлогдсон байхад суллаад явуулчихдаг жишиг  Монголоос, Монголын хууль хяналтынхнаас өөр хаана ч байхгүй. Нэг үгээр хэлбэл, шүүх байгууллага Б.Амархүүг сулласан нь Монголын хууль хар тамхинд тахимаа өгсний илрэл гэж хэлэхэд үнэнд нийцнэ. Асуудлын гол нь Б.Амархүү гэдэг дуучны тухайд биш Монголын ирээдүйд заналхийлж буй хар тамхинд Монголын хууль шүүх бууж өгч байгаатай агаар нэг юм. Харин ч Б.Амархүү олон түмний итгэлийг хүлээснийхээ төлөө улам өндөр хариуцлага хүлээх учиртай. Түүнийг даган дуурайдаг, үлгэр авдаг хүүхэд залуус олон бий. Гэтэл хариуцлагаа ухамсарлах нь битгий хэл нэг нь давж заалдаад, нөгөөх хууль шүүхийн байгууллага толгойг нь илээд явуулж байгаа нь Монголын ирээдүйд маш том хар цэг тавилаа. Өөрөөр хэлбэл, Монголын шүүх Б.Амархүүд биш хар тамхинд эрх чөлөө олголоо.

Б.Амархүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үнэндээ түүнийг суллах замыг зассан шалтаг гэж харагдаж байна. Монголын хууль хяналтын байгууллагынхан хар тамхитай тэмцэж чадахгүй байгаагаа хууль руу чихдэг. Монголын хууль хэтэрхий сул байна гэдэг. Гэтэл сул гэж голдог хуулиа ч үнэн зөвөөр нь хэрэглэж, дагаж мөрдөж чадахгүй байгаа нь хар тамхитай тэмцэх хүсэл сонирхолгүйг харуулж байгаа хэрэг.

Ийнхүү нэг дуучных нь хэрэгт шийдэгдээгүй байтал дахин нэг дуучин хар тамхины хэрэгт холбогдлоо. “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаярыг  хар тамхины хэргээр Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт шалгаж эхэллээ. Түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос гаргасны дагуу  хорих эсэх асуудлыг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж Монгол Улсын хилээр гарахыг хориглож, үргэлжлүүлэн хорихоор боллоо.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)