Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарыг саатууллаа

Нийслэлийн Засаг дарга авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх санал гаргасныг НИТХ дэмжиж, нийслэлийн 2020 оны төсвийг баталсан. Үүнийг эсэргүүцэж Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ардчилсан залуучуудын холбооны Бодлогын зөвлөлийн гишүүн Б.Цэгмид, МАХН-ын гишүүн Б.Жагар, Босоо хөх Монгол ТББ-ын дэд тэргүүн Б.Чойпүрэв нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, төв замыг хаасан. Тэд төлбөр нэмэх шийдвэрээ эргэн харах, нийслэлийн төсөвт тавьсан үрэлгэн зардлыг танах шаардлагыг тавьж байгаа юм.

Өнөөдөр тэднийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хүлээн авч уулзсан. Тэрээр авто зам ашигласны төлбөрийг нэмэх болсон үндэслэлийг танилцуулаад нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах саналаа маргааш НИТХ-д хүргүүлэх гэж байгаагаа дуулгасан юм. Харин жагсагчид маргааш ямар санал хүргүүлэх гэж байгааг мэдэхийг хүссэн боловч хотын дарга хэлээгүй.

Иймээс жагсаал цуглаанаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд уулзалтаас гарцгаасан. Б.Жагар, Б.Цэгмид нарыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гарахад цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн авто замыг чөлөөлсөн. Мөн замын хөдөлгөөнд саад учруулсан, жагсаал цуглаан зохион байгуулах журмыг зөрчсөн хэмээн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарыг машинд суулган авч явлаа.

Эx сурвaлж: Time.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (34.201.122.150)