Хөхүүрийн айраг исгэх уламжлал, зан үйлийг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд бүртгэжээ

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын 14 дүгээр хуралд БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлжээ.

Энэхүү өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн явдалд ЮНЕСКО-гийн Ерѳнхий захирлын орлогч Эрнесто Оттоне манай ард түмэнд талархал дэвшүүлж, амжилт хүссэн байна. Мөн олон орны Засгийн газрын соёлын асуудал хариуцсан төлөөлөгчид баяр хүргэж, амжилт хүссэн аж.

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсний үр дүнд ийнхүү дэмжигдсэн байна. Цаашид энэхүү өвийг хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад Монголын ард түмний үүрэг оролцоо чухал билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)