Овоотын коксжих нүүрсний төсөлд Хятадын компани хамтарна

Овоот коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлэгч “Aspire Mining” компани БНХАУ-ын төрийн өмчит “Sinosteel” компанитай заавал биелүүлэх нөхцөлгүй харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийн дагуу “Sinosteel” компани Овоот коксжих нүүрсний эхний шатны бүтээн байгуулалтын инженер, ханган нийлүүлэлт, барилга угсралтын үйлчилгээ, дэд бүтцийг, санхүүгийн үйл ажиллагаа зэргийг судлах юм байна.

“Овоот коксон нүүрсний төсөл Хятадын зах зээлд гол үүрэг бүхий компанитай хамтран ажиллах болсонд баяртай байна. Цаашлаад Овоот өндөр чанарын коксон нүүрс хятадын зах зээлд гарах боломж бүрдлээ” гэж Aspire Mining компанийн  ТУЗ-ийн дарга Девид Пол ярьжээ.

Овоот коксон нүүрсний төслийн эхний шатад тусгаснаар 37 сая ам.доллароор нүүрс боловсруулах үйлдвэр барих ажил тусгагдаж байгаа юм. Үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ 2020 оны тавдугаар сард бэлэн болно гэж Aspire Mining компани мэдээлжээ. Цаашид хэрхэн хамтран ажиллах, ирээдүйд ирэх өгөөжийг хэрхэн тооцох талаар хоёр компани хамтран хэлэлцэх аж. 

Б.Болорсүх | Zindaa.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)