Энтони Жошуа Энди Руйзыг ялж дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авлаа

Орон нутгийн цагаар бямба гарагийн үдэш Саудын Арабад зохион байгуулагдсан мэргэжлийн боксын хүнд жингийн аваргын бүсийн төлөөх тулаанд Энтони Жошуа өрсөлдөгч Энди Руйзыг шүүгчдийн нэгдсэн саналаар ялсан байна. Жошуа ийнхүү зургаан сарын өмнө алдаад байсан WBA, WBO, IBF, IBO Холбоодын дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авч байгаа юм.

Тэдний анхны тулаан 2019 оны 6-р сард Нью Йорк хотод зохион байгуулагдсан бөгөөд Энди Руйз 7-р үед техникийн нокаутаар ялалт байгуулж, олныг гайхшруулсан билээ. Энди Руйзын хүнд жингийн ноёрхол ердөө зургаан сар үргэлжилсэн ч өөрийгөө одоо цаг үеийн хүнд жингийн шилдгүүдийн нэг гэдгээ батлан харуулж чадсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр тулааны дараа Энди Руйз Энтони Жошуатай дахин нэг удаа тулалдаж хайнаагаа хагалах хүсэлтээ байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Энтони Жошуа ч дахин нэг удаа тулалдаж, ялалтаа баталгаажуулах хүсэлтэй байгаа ажээ.

Дүрэм ёсоор Энтони Жошуа аваргын бүсээ зүүснээс хойш 180 хоногийн дотор дахин тулалдаж аваргын бүсээ хамгаалах ёстой юм. Түүний дараагийн өрсөлдөгч WBO Холбооны хүнд жингийн чансааг тэргүүлэгч Олександр Усик байх магадлал өндөр байна.

Д.Энхбаясгалан

Эx сурвaлж: Gogo.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)