Лионель Месси зургаан удаа “Алтан бөмбөг” хүртсэн цор ганц тоглогч боллоо

France Football сэтгүүлээс 1956 оноос эхлэн Оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж, Ballon d`Or буюу “Алтан бөмбөг” шагналыг гардуулсаар ирсэн түүхтэй

Францын хөлбөмбөгийн сэтгүүл France Football-оос 2019 оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж, “Алтан бөмбөг” гардуулах ёслол Парисын “Шатле” театрт боллоо. Энэ удаад Аргентины шиг шээ болон Испанийн “Барселона”-гийн ахлагч, довтлогч Лионель Андрес Месси тус шагналыг гардав. Ингэснээр тэрбээр “Алтан бөмбөг”-ийг зургаан удаа гардсан цор ганц тоглогч болж байгаа юм.

Энэ жил Месси “Барселона”-гийн хамтаар аваргуудын лигийн хагас шигшээ хүртэл явсан бөгөөд Ла лигт түрүүлж, Испанийн цомын финалд шалгарсан билээ. Мөн Аргентины шигшээ багтай хамт “Копа Америка”-гаас хүрэл медаль хүртсэн амжилттай. Өнгөрсөн улиралд 34 тоглолтод 36 гоол оруулж, “Барселона”-г 26 дахь удаагаа аварга авахад тусалсан. Шилдэг мэргэн буучийн шагналыг гурав дараалж хүртсэн билээ.

Харин энэ улиралд 14 тоглолтод 11 гоол, найман оновчтой дамжуулалт өгөөд байна. Түүнээс өөр хэн ч зургаан удаа “Алтан бөмбөг” хүртэж байгаагүй юм. “Ювентус”-ын хагас хамгаалагч Роналду энэхүү шагналыг 2008, 2013, 2014, 2016, 2017 онд таван удаа хүртсэн. Тэгвэл Мишель Платини (1983, 1984, 1985), Марко ван Бастен (1988, 1989, 1992), Йохан Кройф (1971, 1973, 1974) нар гурван удаа “Алтан бөмбөг”-ийн эзэн болжээ.

Лионель Месси ёслолд гэр бүлийнхээ хамт ирж оролцсон бол “Алтан бөмбөг”-ийн жагсаалтад Нидерландын шигшээ болон Английн “Ливерпүүл”-ийн хамгаалагч Виржил Ван Дейк аман хүзүүдэж, Португалын шигшээ болон Италийн “Ювентус” клубын лидер тоглогч Криштиану Роналду гуравлажээ.

Харин оны шилдэг хаалгачийн шагнал болох Лев Яшины нэрэмжит цомыг мөн “Ливерпүүл”-ийн хаалгач Алиссон Бекер гардсан ба тэрбээр уг шагналын анхны эзэн болж байгаа юм. Учир нь, France Football-аас анх удаа Оны шилдэг хаалгачийг тодруулсан нь энэ.

Месси 2004 онд анх “Барселона”-гийн бүрэлдэхүүнд багтан талбайд гарснаас хойш Испанийн 10, цомын зургаа, супер цомын найм, аваргуудын лигийн дөрөв, UEFA супер цомын гурав, клубуудын ДАШТ-ий гурван удаагийн аварга юм.

Үүнээс гадна Аргетины шигшээгийн хамтаар 2008 оны олимпын алт, 2014 оны дэлхийн аваргын мөнгө, шилдэг тоглогчийн шагнал, Америкийн цомын гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Мөн FIFA 2009, 2019 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр нэрлэсэн юм. Түүний хувьд нэг жилд хамгийн олон буюу 91 гоол оруулсан амжилтаар дээд амжилт эзэмшдэг бөгөөд энэ нь 2012 оны үйл явдал билээ.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)