Ус тойрсон урагшилдаггүй бодлого
“Усны эх үүсвэрийн тоо, нөөц, чанар, ашиглалт болон хаягдал усны тоо бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жилд нэг удаа орон нутгийн төсвийн хөрөнгөөр, улс орон даяар дөрвөн жилд нэг удаа улсын төсвийн хөрөнгөөр хийнэ” гэж Усны тухай хуульд заасан байдаг. 2003 онд уг хуулийг баталснаас хойш улсын хэмжээний тав дахь удаагийн тооллогыг энэ онд зохион байгууллаа. Уг ажлыг өнгөрсөн 5-10 дугаар сарын хооронд 21 аймгийн сав газрын болон орон нутгийн захиргаатай хамтран хийжээ. Нэгтгэсэн дүн нь одоогоор хараахан гараагүй аж.
Усны тоо бүртгэлийн улсын дүнг хэзээ нэгтгэж гаргах талаар БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын мэргэжилтэн Х.Шүрэнцэцэгээс тодруулахад “Он гарсны дараа буюу нэгдүгээр сард дүнг нэгтгэн гаргадаг юм. Харин энэ удаа журамд өөрчлөлт орсноос болоод хэзээ гарах нь тодорхойгүй байна” гэлээ. Манай улс 564 800 сая шоо метр усны нөөцтэй. Үүнээс 88.53 хувийг нуур, 6.13-ыг гол, мөрөн, 3.44-ийг мөстөл, 1.9 хувийг газрын доорх ус эзэлдэг. Улс даяар гадаргын усанд жил бүр, газрын гүнийхэд дөрвөн жилд нэг удаа тооллого хийж, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандын тоог гаргадаг хэдий ч дорвитой арга хэмжээ авч чадаж байгаа, эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд энэ жил 187 булаг, шандыг тохижуулсан бол өнгөрсөн жил 236-г хамгаалжээ. Манай улс 500 000 гаруй нуур, 34 600 орчим гол, мөрөн, 19 400 мөстөлттэй боловч жилд 100 гаруйхныг хамгаалж байгаа нь чамлахаар тоо. Уг нь усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх ажил дан ганц хамгаалалтад авах биш. Манай улс УИХ-ын 2010 оны 24 дүгээр тогтоолоор “Ус” үндэсний хөтөлбөр баталсан. Үүнээс гадна Төрөөс экологийн талаар баримтлах бодлого (УИХ-ын 1997 оны 106 дугаар тогтоол), Ногоон хөгжлийн бодлого (УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоол), “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” (Засгийн газрын 2013 оны 389 дүгээр тогтоол) болон бусад олон бодлогын баримт бичгийг баталсан. Цагаан цаасан дээр хараар бичсэн төдийхөн эдгээр баримт бичгийн нүдэнд харагдаж, гарт баригдах үр дүн хаана байна вэ. 2018 оны улсын бүртгэлийн дүн, мэдээллээс үзвэл 48 гол, 324 булаг, шанд, 155 нуур, тойром ширгэсэн байна. Монголчууд жилд 200 хүрэхгүйг нь хамгаалж, ийм хэмжээний хийг ширгээж байгаа нь харамсалтай.
40 гаруй жилийн судалгааны үр дүнгээс үзэхэд манай улсын нутаг дэвсгэрт жилд дунджаар 608 300 сая шоо метр ус бүрэлддэг байсан бол сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас мөнх цас, мөсөн голын эзлэх талбай багасаж, мөсний зузаан нимгэрч, нийт нөөц 564 800 сая шоо метр болж буурсан аж. Үүнээс гадна хүний буруутай үйл ажиллагаанаас болж хүссэн, хүсээгүй хорогдож буй усны нөөцөө хамгаалахын тулд баримт, бичиг боловсруулдаг боловч хэрэгжих нь хэтэрхий удаан аж. Тухайлбал, 2017 онд БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол “Монгол Улсын усны нөөцийн ердөө 1.9 хувийг л газрын доорх ус эзэлдэг. Гэтэл говийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд 100, зүүн, баруун бүсэд 95, төвийн бүсэд 60 хувь нь газрын доорх ус ашиглаж байна. Бид гадаргын усыг ашиглаж чаддаггүй, харин газрын доорх усыг л хэрэглэдэг. Гадаргын усыг ашиглах талаар хэд хэдэн ажил хийж байгаа. Ус бохирдуулсны төлбөрийг нэмэх, саарал ус ашиглаж байгаа аж ахуйн нэгжийг албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулж байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулан УИХ-д өргөн барих болно” гэж байв. Эл асуудал 2017 оноос өмнө яригдаж байсан гэдгийг санаарай. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай урт настай, удаан жаргалтай хуулийн төсөл болон дагалдах журмуудыг БОАЖЯ-наас боловсруулан УИХ-д өргөн барьж, чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн тавдугаар сард хэлэлцэн, гишүүдийн 63.6 хувь нь дэмжиж баталсан. Уг хуулийн төсөлд усны бохирдол ихсэх бүрт нөхөн төлб өр нэмэгдэх зарчмыг бий болгож, хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих асуудлыг хуульчилсан. Мөн ус бохирдуулсны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг тухайн цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, засвар, үйлчилгээнд зарцуулах өөрчлөлт оруулсан. Хууль хэрэгжиж эхлээд тодорхой хугацаа өнгөрсний дараа хаягдал усны бохирдлын хэмжээ буурч, үүнийг дагаад Туул гол болон бусад олон булаг, шанд, нуур цэвэршиж, байгаль орчны доройтлыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж БОАЖЯ-ныхан үзэж байгаа юм. Хууль батлах гэж хэдэн жил болсон. Одоо харин хэрэгжүүлэх гэж хэдэн жилийг үдэх бол.
Дээрх хуулиас гадна усны нөөцийг хамгаалах хүрээнд БОАЖЯ-наас ямар арга хэмжээ авч байгаа талаар тус яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Ч.Мөнхзулаас тодрууллаа. Тэрбээр “Есөн аймгийн 29 сумыг хамарсан 3.4 сая га талбай бүхий 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг өнгөрсөн тавдугаар сарын 2-нд УИХ-аар батлуулсан. Уг тогтоол батлагдсанаар гол мөрний урсац бүрдэх эхийн нийт газар нутгийн 697 772 ам км буюу 48.4 хувийг улсын тусгай хамгаалалтад авлаа. Усны нөөцийг хамгаалах, ашиглаж болох боломжит нөөцөөс давуулан ашиглуулахгүй байх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн дэд бүтцийг дэмжих” төслийн хүрээнд 2014-2019 онд говийн бүсийн гурван сав газарт 119 цооног цэвэрлэж, 10-ыг нэмж гарган, тоног төхөөрөмж суурилуулсан. Газрын доорх усны хяналт, шинжилгээний цэгийг 265 болгож олшрууллаа. Мөн Усны тухай хуулийн 10.1.10 дахь хэсэгт заасны дагуу рашааныг зохистой ашиглах, хамгаалах журмыг ЭМЯ-тай хамтран шинэчлэн боловсруулж, эцэслэх ажлыг зохион байгуулж байна. Өгий нуурыг бохирдож, ширгэхээс хамгаалах төслийг 2019-2020 онд хэрэгжүүлнэ. Эдгээрээс гадна 2020 онд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл бий” гэв. Тэдний хийсэн ажлыг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэртэй байдал хурдацтай алдагдаж буй энэ үед яст мэлхийн шиг ажилласаар л байх уу.
Эx сурвaлж: Unuudur.mn