Цэцэрлэгийн цахим бүртгэлд хүүхдээ бүртгүүлсэн эцэг, эхчүүд юу анхаарах вэ?

БҮРТГЭЛИЙН ДУГААРАА ХАДГАЛААРАЙ

2017 онд төрсөн хоёр настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно. Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.

Ингээд хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна. Таны гар утсанд бүртгэлийн зургаан оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж,  бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.

Бүртгэлийн зургаан оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах хэрэгтэй. Учир нь Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж, бүртгэлийн дугаараа хийн, хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой юм.

БҮРТГЭЛИЙН ХАРИУГ ЭНЭ САРЫН 23-НД ЭЦЭГ ЭХИЙН ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭНЭ

Цахим бүртгэлийн хүүхдийн тоо хэтэрсэн тохиолдолд санамсаргүй түүврийн аргаар сонгож элсүүлэх юм. Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн хувьд энэ жил шинээр 70 хүүхэд элсүүлэх юм байна.

Хэрэв тус цэцэрлэгт бүртгүүлж байгаа хүүхдийн тоо 70-аас хэтэрвэл санамсаргүй түүврийн аргаар 70 хүүхдийг л элсүүлнэ гэсэн үг. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүд цахимаар баталгаажуулалт хийх шаардлагагүй болж байгаа нь энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юм. Бүртгэлийн хариу наймдугаар сарын 23-ны 10:00 цагаас эхлэн эцэг, эхчүүдийн гар утсанд хариу зурвас илгээгдэх юм.

Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн эцэг, эх нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээг хуулбарын хамт авч очин эцэг, эх ба цэцэрлэг хоорондын гэрээг 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд гэрээ байгуулах шаардлагатай.

Түүнчлэн тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны наймдугаар сарын 26-28-ны өдрүүдэд, тус тусын цэцэрлэг дээр ажлын цагаар явагдах юм.

Эх сурвалж: www.news24.mn

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)