Т.Хэрүүга: Их дээд сургуулиудын 203 хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн

Б.Энхтуул

Улсын хэмжээнд 95 их, дээд сургууль, коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс эгнээндээ 50 гаруй их, дээд сургуулийг нэгтгэсэн Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/-ын Ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүгаг урьж, элсэгчид болон эцэг эхчүүдийн хамгийн их сонирхон судалж буй их, дээд сургуулиудын чанар чансаа, сургалтын хөтөлбөрийн бодлого шинэчлэл, олон улсын магадлан итгэмжлэл гээд олон сэдвээр ярилцлаа.

МИДСК-ЫН ГИШҮҮН 53 ИХ ДЭЭД СУРГУУЛЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН

-Ярилцлагынхаа эхэнд, тоон мэдээлэл авъя. Монгол Улсын хэмжээнд 100 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний хэд нь МИДСК-д харьяалагдаж байгаа вэ. Мөн бид чанартай боловсролыг магадлан итгэмжлэлээр үнэлдэг болсон байна. Сургалтын бодлого, чанар нь тогтвортой, 2-3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн хэдэн сургууль байгаа вэ?

-Улсын хэмжээнд 95 их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2 - 3 дахь удаагаа байгууллагын үндэсний магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээж авсан 53 их, дээд сургууль Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиуд байна.

-Их, дээд сургуулийн босго алхаж буй элсэгчид, оюутан залууст магадлан итгэмжлэгдсэн сургуулийг сонгож суралцах нь олон давуу тал, боломжуудыг олгож байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллүүдийг илүү тодорхой тайлбарлаж өгөөч. Магадлан итгэмжлэгдсэн сургуульд ямар шаардлага, шалгуур тавигдаж байна. Хэдэн сургуулийн хэчнээн хөтөлбөр олон улсад магадлан итгэмжлэгдээд байгаа вэ?

-Энэ хичээлийн жилээс эхлэн Монголын их, дээд сургуулиудын консорциум /МИДСК/ - ын гишүүн байх шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт орж, байгууллагын үндэсний магадлан итгэмжлэлээр гурав дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль тус консорциумын гишүүн байх эрх нь хадгалагдах болсон. Өөрөөр хэлбэл, МИДСК-ийн гишүүн сургуулиуд байгууллагын үндэсний магадлан итгэмжлэлээр гурав дахь удаагаа итгэмжлэгдэж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй сургуулиуд гэж ойлгож болно.

Эдгээр сургуулиудын 203 хөтөлбөр үндэсний хэмжээнд, 19 хөтөлбөр олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлж гэрчилгээ авсан бол 10 хөтөлбөрийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр зохих магадлан итгэмжлэлийн олон улсын байгууллагуудад хандаж, өөрийн үнэлгээний тайлангаа хүргүүлээд байна. МИДСК-ийн гишүүн сургуулиуд, үндэсний болон олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд, хөтөлбөрүүдийн мэдээллийг http://www. cmuc.edu.mn, http://accmon.mn/ вэб сайтуудаас үзэж болно.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУРГУУЛИЙГ СОНГОЖ СУРАЛЦАХ НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ

-Саяхан БСШУС-ын сайд харьяа байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр чанаргүй их, дээд сургуулийн тоог цөөрүүлэх байр сууриа илэрхийлж байсан. Магадлан итгэмжлэлд хамрагдаагүй 14 их, дээд сургууль, үнэлгээний тайлангаа бичиж байгаа 25 сургуульд магадлан итгэмжлэл олгохгүй байхыг үүрэг болгосон. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч. Тухайлбал, ямар сургуулиуд магадлан итгэмжлэгдэх шаардлага хангахгүй байна?

-Магадлан итгэмжлэлийн үндсэн зорилго нь тухайн байгууллагын чанарыг үнэлэх процесс байдаг учраас БСШУСын сайд ийм байр суурь илэрхийлэх нь тодорхой. Мөн огт магадлан итгэмжлэгдээгүй сургуулийг сонгож элсэх нэг ч хүн байхгүй шүү дээ. Тиймээс сая ярилцлагад дурдсан вэб сайтуудаас илүү тодорхой мэдээллүүдийг авч болно. Нэн ялангуяа Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн вэб сайтад байгаа магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын жагсаалтад нэр нь байхгүй сургуулиуд магадлан итгэмжлэгдээгүй буюу магадлан итгэмжлэгдэх шаардлагыг хангаагүй байна гэж ойлгож болно.

-Дээд боловсролоо чанаржуулах гээд бид сүүлийн хэдэн жилд хичээн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсад дээд боловсролын шинэчлэлийн төсөл 2012 оноос амжилттай хэрэгжиж байна. Хэдийгээр боловсролын салбарын шинэчлэлийн үр дүн урт хугацаанд гардаг гэдэг ч явцын дүгнэлтээс ахицтай зүйл харагдаж байгаа байх. Сайн жишээ дурдаач гэвэл?

-Энэ төслийн хүрээнд олон сургууль шинээр сургалт судалгааны орчин, чадавхаа сайжруулах, судлаачид маань олон улсын нэр хүндтэй томоохон сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх, үндэсний болон олон улсад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх, инновацийн бүтээгдэхүүнийг шинээр бий болгож, гарааны компани байгуулах, зарим нэг хамтарсан сургалт судалгааны томоохон төслүүдийг эхлүүлэх гэх мэт ажлуудыг амжуулсан. Одоо ч эдгээр үйл ажиллагаанууд үргэлжилж байна.

Жишээ нь, ХААИС -ийн хувьд 300 орчим инновацийн бүтээгдэхүүний каталогийг хэвлүүлж олны хүртээл болгохын зэрэгцээ 24 гарааны компанийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Япон улсын Обихиро, Хоккайдогийн их сургуулиудтай хамтран судалгаа, сургалтын хоёр томоохон төслийг нийт 7.8 сая америк долларын санхүүжилттэй хэрэгжүүлж, 2019 оны 12 дугаар сард дуусах бол, энэ оны гуравдугаар сараас эхлэн БНСУ-ийн Чежүгийн үндэсний их сургуультай хамтран “Мал эмнэлгийн сургалт, судалгаа, эмчилгээний төв”-ийг байгуулах 10.0 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлээд явж байна.

Мөн Инженер технологийн сургуулийн “Инженер механик” хөтөлбөр 2018 оны наймдугаар сард АНУ-д төвтэй ABET байгууллагаар зургаан жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэнээр манай таван бүрэлдэхүүний сургуулийн хоёр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөртэй болсон. Үндэсний магадлан итгэмжлэлээр өнгөрч буй хичээлийн жилд таван хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.

-Монгол Улсын дээд боловсролын тогтолцоог дэлхийн нийтлэг системд ойртуулахад чиглэсэн тодорхой ажлуудыг төрөөс хийж байна. Бидний тавьж буй ойрын зорилт бол 2024 он гэхэд дотоодын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн тоонд оруулах зорилт тавьсан. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүдийг бид хэр хангаж байна?

-Эрэмбэ тогтоодог олон байгууллага байдаг. Бид эдгээр байгууллагад албан ёсоор хүсэлт гаргаж бүртгүүлэх, тэдний мэдээллийн санд мэдээлэл, өгөгдлүүдээ оруулах, үүнээс гадна нэг чухал зүйл нь эрэмбэ тогтоодог үзүүлэлт бүрээр нарийвчилсан төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах ажил бүрэн хийгдээгүй. Иймд эрэмбэлэх үндсэн үзүүлэлтүүдийг нарийвчлан судалж, эдгээр үзүүлэлтүүдийг хангахын тулд томоохон их сургуулиуд маань судалгааны их сургууль болох замаар сургалт, судалгааны орчноо сайжруулах, чадавхаа бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

ХААИС-ийн хувьд, дэлхийн их сургуулиудын рейтинг тогтоодог “Webometrics Ranking of World Universities” байгууллагын тогтоосноор 2014 онд 11660-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 оны байдлаар 5696 -д эрэмбэлэгдэж байгаа нь зургаан мянга орчим байраар өссөн. Энэ хурдаар явбал, 2024 он гэхэд бидний тавьсан зорилт бодитой болох үндэслэл байна.

МИДСК-ИЙН ГИШҮҮН СУРГУУЛИУД ОРОН НУТАГТ ЭЛСЭЛТЭЭ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ВЭ?

-Энэ жил их дээд сургуулиудын элсэлт эрт эхлэх төлөвтэй байна. Учир нь, элсэгчдийн тоо өмнөх жилүүдээс 2.5 дахин буурсан үзүүлэлттэй явж байна. МИДСК болон гишүүн сургуулиуд энэ тал дээр ямар бодлого баримтлан ажиллаж байгаа вэ?

-Сүүлийн дөрвөн жил дараалан 12 дугаар анги төгсөгчдийн тоо эрс буурснаар бүх их сургуулиудын элсэлт, нийт оюутны тоо хоёр дахин буурсан. Энэ нь тухайн сургуулиудын санхүүд хүндрэл учруулж байгаа ч, нөгөө талаас судалгааны их сургууль болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа сургуулиуд орлогын бүтцээ зөв болгох, олон эх үүсвэрийг эрчимтэй бий болгох, судалгааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөгжлийн стратеги төлөвлөлтөө эргэж харах шаардлагатайг сануулсан сорилтыг бий болгож байна.

МИДСК-ийн үндсэн үйл ажиллагаа нь гишүүн сургуулиудын хамтын ажиллагаанд түшиглэн дээд боловсролын эрх зүйн орчин, сургалт, судалгаа, инновацийн дэлхийн жишигт нийцсэн ухаалаг тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэхэд чиглэдэг. Иймд манай гишүүн сургуулиуд үндэсний төдийгүй олон улсад хөтөлбөрөө хүлээн зөвшөөрүүлж магадлан итгэмжлүүлэх, энэ хөтөлбөрүүдээр төгсөгчдөө дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болгохыг зорьж хөтөлбөрийн шинэчлэл хийж байна

. Өнөөдөр хамгийн сайн ажлын байрны шаардлагыг хангасан мэргэжилтнийг бэлтгэхээс гадна төгсөгч өөрөө ажлын байрыг бий болгох мэдлэг, чадвар эзэмшсэн байхыг илүүд үзэж байгаа.

-МИДСК-ийн гишүүн сургуулиуд жил бүр элсэлтээ хамтран зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд элсэлтээ хэдийд зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Жил бүр консорциумын гишүүн 53 сургууль хамтран хөдөө орон нутагт элсэлт зохион байгуулдаг ажил уламжлал болсон. Улаанбаатарт бүх сургууль тус, тусдаа элсэлтээ зохион байгуулж байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт бид гишүүн сургуулиудын захирал, элсэлт хариуцсан хүмүүстэйгээ хуралдаж, элсэлт зохион байгуулах гурван хувилбарыг зохион байгуулагчдын зүгээс санал гаргаж хэлэлцээд, өмнөх жилийн элсэлт зохион байгуулсан хэлбэрийг өөрчлөхгүй байхаар санал нэгдсэн байгаа.

Хөдөө орон нутагт элсэлтийн ажлаа хамтран зохион байгуулдаг болсноор нэг сургуулиас тухайн жилийн элсэлтийн ажил зохион байгуулах зардал, цаг хугацааг 4-5 дахин бууруулах, хөдөө орон нутагт ЕБС-ийн төгсөгчид, эцэг эхчүүдэд нэг цаг хугацаанд, нэг дор цуглаж сургууль бүрийн мэдээлэл, мэргэжлээ зөв сонгох зөвлөмжийг шуурхай зөв авах, аль болох тэдэнд чирэгдэл учруулахгүй байх, аймгийн боловсрол, соёлын газрынхантай гэрээ байгуулан илүү үр дүнтэй хамтран ажиллах зэрэг давуу талуудыг бий болгодог. 

-Элсэлт эхлэхтэй зэрэгцээд оюутны сургалтын төлбөрийн асуудал эцэг, эхчүүдийн санааг зовоож эхэлдэг. Нөгөөтэйгүүр, бид их, дээд сургуулиудыг орлогын олон эх үүсвэртэй болгох, оюутны сургалтын төлбөрөөс хараат бус үйл ажиллагаа явуулах тухай олон жил ярьсан. Энэ чиглэлээр ямар ажлуудыг хийж байгаа бол?​​​​​​​ 

-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын судлаачдын туршилт, судалгааны ажлын ихэнх үр дүн хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн бодит хэрэгцээнд нийцсэн байдаг. Иймд нийт гүйцэтгэсэн судалгааны ажлын 30-40 хувь нь шууд үйлдвэрлэлд нэвтэрч байна.

Жил бүр 30 гаруй технологи үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болдог. Улсын хэмжээнд 42 гарааны компани бүртгүүлснээс 24 гарааны компани хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ судалгааны эдгээр үр дүн, дэвшилтэт технологийг хэрэглэгчдэд хүргэх, маркетинг, зуучлал, оюуны өмчийн арилжаалах оновчтой тогтолцоо улсын хэмжээнд бүрдээгүйгээс тэр бүр хэрэглэгчдэд хүрч үр шимээ өгч чадахгүй байгааг анхаарч ажиллах хэрэгтэй байна

-Ер нь таны бодлоор, хэзээ бид сургалтын төлбөрийн дарамтгүй, хэл ам, жагсаал цуглаангүй чанартай дээд боловсролыг олгодог болох бол. Тэр өдрүүд ойрхон байна уу?

-Энэ хичээлийн жилээс эхлээд Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн сан”-аар дамжуулан тодорхой сурлагын чанарын үзүүлэлтийг харгалзан барьцаагүй, хүүгүй, урт хугацааны зээлийг олгож эхэлсэн нь сургалтын төлбөрийн дарамтыг ихээхэн хэмжээгээр бууруулсан. Цаашдаа зөвхөн сургалтын төлбөр дээр суурилсан орлогын эх үүсвэрийг өөрчлөхгүй бол хөгжих боломж харагдахгүй байна. Орлогын олон эх үүсвэртэй болохыг их сургуулиуд хичээх, мөн төр их сургуулиудаа гарааны санхүүжилтээр дэмжих бодлогыг хэрэгжүүлэх нь зөв байх.

МИДСК ГИШҮҮН СУРГУУЛИУДЫН МАГИСТР, ДОКТОРЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛНО -МИДСК бол олон их, дээд сургуультай хамтран ажилладаг толгой байгууллага. Ярилцлагынхаа төгсгөлд, цаашдын зорилго чиглэл, төлөвлөгөөг тань сонирхъё?

-МИДСК нь дээд боловсролын эрх зүйн орчин, сургалт, судалгаа, инновацийн дэлхийн жишигт нийцсэн ухаалаг тогтолцоог бүрдүүлэх, гишүүн сургуулиудын хамтын ажиллагаанд түшиглэн улсынхаа хөгжлийн гүүр нь болохыг зорьж байна. Ойрын хугацаанд бид гишүүн сургуулиудынхаа магистр, докторын хамтарсан хөтөлбөрийг бий болгох, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагад хариу өгөх чадамж бүхий томоохон судалгааны ажлыг хамтран хийхээр төлөвлөж байна.

Жишээ нь, ХААИС, Хууль сахиулахын их сургуультай хамтран “Хүнсний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал” гэсэн магистрын хоёр шинэ хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулаад ажиллаж байна. Хүнс, хүнсний технологи, эдийн засгийн онол, менежментийн сургалт судалгааг ХААИС, аюулгүй байдал, эрх зүйн талаас нь Хууль сахиулахын их сургуулийн судлаач профессорууд судалгаа, сургалтыг удирдаж байна. Цаашдаа хоёр сургууль биш, 4-5 сургууль хамтран тодорхой асуудлын хүрээнд далайцтай сургалт, судалгаа явуулах, хөтөлбөрүүдээ сайжруулах зэргээр профессоруудын хамтын ажиллагаа чухал болж байна. Үүний үр дүнд нийгэмд өнөөдөр тулгамдаж, шийдлээ хүлээж байгаа олон асуудал богино хугацаанд, зөв шийдлээ олох болно.

Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: "Education guide" сэтгүүл. 2019.03 сар. №01.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.236.170.171)