“Кино урлаг”-ийнхан түүчээлэн ажиллах гол салбар

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар кино урлагийн салбарын уран бүтээлчидтэй уулзалт хийв. Монгол Улсын Засгийн газраас Соёл, урлагийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, салбарын манлайллаар дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлж, нийгэм, улс орны сайн сайханд эерэг нөлөө үзүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа.

Монголын урлаг, соёлыг дэлхийд таниулах, үр хойчдоо өвлөн үлдээж, бүх нийтийг соён гэгээрүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд бүх урлагийг нэгтгэсэн “Кино урлаг”-ийн салбар түүчээлэн ажиллах гол салбар юм. Монголд кино урлагийн салбар анх шинээр үүсэн бий болж багагүй хугацаанд хөгжингүй тогтолцоог бий болгож чадсан боловч сүүлийн 20 орчим жилд дэлхийн түвшинд ойртуулах хэрэгцээ шаардлага ихээр бий болжээ. Үүний тулд кино урлагийг бүтээгч, түгээгч, хөрөнгө оруулагч гээд тал бүрээс хамтран ажиллаж байдаг салбарын төлөөлөлтэй уулзаж, салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн боловсруулалт, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилгоор уулзалт зохион байгуулав.

Кино урлагийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болж, салбарын үндэсний зөвлөгөөнөөрөө бодлогын баримт бичгээ батлан, хууль эрх зүйн орчноо сайжруулах үндэслэлийг бий болгох талаар санал гарган нэгдлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Кино урлагийг дэмжих тухай” хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн бариад байна. Уулзалтад Монгол кино нэгтгэл, Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, Монголын үндэсний кино хороо, Монголын кино уран бүтээлийн холбоо, Боролдой студи болон бусад кино бүтээгч студи, продакшны найруулагч, жүжигчин, уран бүтээлч, зохиолч зэрэг нийт 60 орчим салбарын төлөөлөл хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцсан юм.

Кино бүтээгч уран бүтээлчдийн төлөөллөөс кино салбарыг хөгжүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна инженер, техникийн ажилтныг өндөр хөгжилтэй оронд суралцуулан бэлтгэх, оюуны өмчид халдсан этгээдэд үзүүлэх хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, татварын таатай орчин бий болгож, салбарын удирдлага зохион байгуулалтыг оновчтой болгож, кино бүтээгчдийг давтан сургах, тэдгээрийн түүх соёл, зан заншил гоо зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх замаар үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулахад үнэт зүйлээ кодлож, хамтарсан кино хийх дэд бүтцийг бий болгох зэрэг цогц арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Дээрх цогц арга хэмжээг авахын тулд кино урлагийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болж, салбарын үндэсний зөвлөгөөнөөрөө бодлогын баримт бичгээ батлан, хууль эрх зүйн орчноо сайжруулах үндэслэлийг бий болгох талаар санал гарган нэгдлээ.