Хайрын харцаар хардаг байсан тэр их хайр хүндэтгэл хааччихав аа

Эмэгтэй хүн зөөлрөхөд эрчүүд амархан номхордог

Гэр бүлд ямар нэг хэрүүл маргаан гарч болохыг үгүйсгэх  аргагүй. Хэрүүл маргаан гарч болохыг  үгүйсгэх аргагүй юм.Хэрүүл маргаан гэдэг чухамдаа хэнийх нь зөв, буруу байгуулсан зэргээс үл хамааран элдэв муу уршиг тарьдаг. Эхнэр нөхөр хоёр хэрэлдэж, бас маргалдаж ч болно. Гэхдээ хэлэх үгээ хэлээ бодож цэнэж, хэрүүлийг аль болох хурцатгаж цааш нь даамжруулахгүй байхыг хоёулаа л хичээх хэрэгтэй.

Хэрүүл нь хэн нэгнийх нь сөрөг сэтгэл хөдлөлийн үр дүнд үүсдэг тул үүнийг  хянах нь эрэгтэй эмэгтэй хоёрын хэн хэнд нь төвөгтэй байж болох юм. Гэхдээ л аль болох гэр бүлийнхээ төлөө эхнэр, нөхөр хоёр үүнийг заавал хийх хэрэгтэй. Нэг нэг рүүгээ үг хэлээр дайрч давшлах нь хамгаалалтын шилдэг арга хэрэгсэл биш.

Заавал дийлж гарах, орилж  хашгирах ч юмуу, ямар нэгэн байдлаар муйхарлан зүтгэвэл амжилтад хүрнэ гэж эр нь ч, эм нь ч хэзээ ч бүү бодож бай. Хэрүүл нэгэнт эхэлчихсэн бол аль болох зөөллөх, цаашлаад аль болох цааш нь дэврүүлчихэлгүй шиг намжаах, өөр хувилбар руу шилжүүлэх, эсвэл хэрүүлээ болих талаар нэг нэгэндээ санал болгох зэргээр хурцатгахгүй байх санаачилгыг хэн нэг нь өөрөөсөө эхэл. Гэхдээ үүнийг эмэгтэй нь эхэлбэл зохилтой. Яагаад гэвэл эмэгтэй хүн зөөлрөхөд эрчүүд амархан номхордог.

Хэрүүлд ялагч байдаггүй

Хэрүүлд ялагч байдаггүй. Тэр тусмаа гэр бүлийн хэрүүлд. Харин эхнэр, нөхөр хоёрын үл ойлголцол, бие биесээ үл хүндэтгэх хэрүүл тэмцэлд хохирогч нь энхрийлж өсгөсөн таны хүүхэд гэдгийг мартаж болохгүй. Хэрэлдэх явцдаа эхнэр нөхөр бохир, хурц, түрэмгий, аль болох бие биенээ доош нь хийсэн, хор шарыг нь малтсан, дайран дээр давс нэмсэн үг хэлэхийг хичээдэг. Энэ бол хамгийн буруу зүйл.

Яагаад эхнэр, нөхөр хоёр заавал нэг нь нэгнээ дийлэх гээд байгаа юм бэ. Саяхан та хоёр танилцаж байхдаа нэг нэгнээ хайрын харцаар хараад сэм сэмхэн санаа алдаж байсан шүү дээ. Тэр их хайр хүндэтгэл хааччихав. Бие бие рүүгээ чулуудаж байгаа хэрүүлийн хурц үг хэллэгээс хэнийх нь зөв, харин хэн нь буруу болохыг ялгаж салгаж тогтоох ямар ч боломжгүй байдаг. Мэдээж ямар нэгэн асуудал та хоёрын уур бухимдлыг төрүүлсэн байх нь тодорхой. Хэрүүл тэмцэл нь ямар ч үр дүнд хүрдэггүй. Хоёулаа энэ талаар маргааш яръя, тайвширсан хойноо хэлэлцье гэх ч юм уу, ямар нэгэн хувилбар хэн нэгэндээ санал болго.

 

Хэн нэг чинь хүлээж авахгүй байлаа ч та хэрүүлд оролцохгүй байвал уур амьсгал аяндаа намжина. Хэрэлдээд дууссаны дараа дуугаа хурааж, удаан хугацаагаар явах нь салахын шалтаг ч болж мэднэ. Хэрүүлд дийлдсэн ч бай, дийлэгдсэн ч бай аль болох хурдан тайвширч, хуучин хэвэндээ орохыг яаран тэмүүлэх хэрэгтэй. Саяын хэрүүлийн талаар мартахыг хичээ. “Найзынх нь буруу байж, хоёулаа сайхан хоол хийе” гэх ч юм уу эвлэрлийн үгс хэлж сурах нь өөрөө том соёл. Харин хаалга үүд тас нясхийлгэх, хэдэн хоног, сараар  ч юм уу дуугарахгүй явах нь хамгийн муу зан юм.